
“Хумбан хар” хэмээх Тамжавын Балсан (1903 – 1977) нь Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.
Т.Балсан арслан биеэр их томгүй боловч лагс зузаан биетэй, хүрэн хар царайтай байсан тул “Xумбан хар” хэмээx хочтой болжээ. Т.Балсан 1935 оны улсын наадамд зургаа давж улсын заан, 1936 онд улсын арслан Л.Чимэдээр арав даван түрүүлж, улсын арслан цол хүртжээ. Үзүүр, түрүүний барилдаанд Л.Чимэд арслан Дорнод аймгийн бөх Т.Балсанд зориуд унаж өгсөн гэх яриа бий. Ийнхүү Балсан 33 насандаа арав давж түрүүлж байсан бол, 48 настайдаа тав давж шөвгөрч байжээ. Тэрбээр улсын наадамд нийт долоон удаа шөвгөрчээ. Мөн Дорнод аймгийн наадамд долоо удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн байна. Залуу зандан үедээ гудамжны нударган зодоонд сайн байсан бөгөөд харин өтлөх насандаа морь уях хорхойтой нэгэн болжээ.
Т.Балсан арслангийн талаар нэгэн хууч яриаг сонирхуулъя (“Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд” хуудаснаас авав):
Т.Балсан арслан хэсэг нөхдийн хамт Эрээнцавын дамжлага баазаас Дорнод аймгийн төв хүртэл жин тээж явах замд нэгэн жижиг модон гүүрээр гарахаар хоёр гал жинчид зэрэгцэн ирж хэнийх нь түрүүлж гарах талаар маргалдаж сүүлдээ зодоон болоход хүрч нудрагадах буюу барьж авах гэсэн тэдгээр хүмүүсийг Т.Балсан арслан төдийлөн анзаарсан ч үгүй нэг гараараа хоёр хүний дээлийн ханцуйнаас холбон барьж тэрүүхэнд нь аргацаан хорьж байжээ.
Энэ үед Балсангийн хөсөг тэрэг гүүрээр гарч явахдаа сүүлчийн тэрэгний өрөөсөн дугуй гүүрийн хажуу руу орж тээглэн хөлөлсөн тэмээ нь уяагаа тасдуулан үлдэхэд Т.Балсан арслан та нараас болж тэмээний хамар авч тэрэг эвдэх нь гэсээр тэднийг тавьж гүүрийн зүг гүйжээ.
Ар талд нь хоцорсон омголон залуучууд тэр хар юм тэргээ яасан ч гаргаж чадахгүй бид тэрэг тэмээг нь гүүрийн хажуу руу түлхэж унагаад гаръя хэмээн ярилцаж байтал Т.Балсан арслан гурил ачсан 12 мөөртэй төмөр тэрэгний арлын ар үзүүр доогуур өрөөсөн гараа оруулан тэргээ гүүрэн дээр өргөн тавьжээ.
Үүнийг харж байсан нөгөө аянчид нь энэ хар юм чинь их эд байх нь чамайг орой буудал дээр чинь очоод үзүүлээд өгье хэмээн шүд зуун занасаар гүүрээр гарч үдлэх буудлаа тэдэнтэй зориуд саахалтаж унд хоолоо хийж байтал зэргэлдээ буудалласан Т.Балсангийн галын нэгэн нь тэднийхээр буухад, -Та нар хаанахын хэн хэн гэгч аянчид явна вэ? гэж буриад аялгаар асуухад нь, тэр хүн: -бид Чойбалсан сумаас Т.Балсан арслан нарын хэсэг хүмүүсийн хамт явж байна. Аймгийн төв хүрнэ гэхэд тэд: -Тэр арслан чинь ямар янзын хүн байна? гэж сонирхоход нь та нартай гүүрэн дээр муудалцаад байсан хүн шүү дээ. “Хумбаан хар” гэж мэдэхгүй, дуулаагүй юм уу? гэжээ.
Ирсэн хүнийг явсны дараа Буриад аянчид сандарцгаан “-тэгнээ тэр тансран гадартай эр хонины шинэ нэхий дээлийн ханцуйг өм атгасан, заримых нь дээлийн нударга тасарсан, хүч гаргаад байгаа нь мэдэгдэхгүй хэр нь гараа авч нэг л болохгүй байсан” зэргээр ярилцах тусам улам сүрдэж, тэр ХУМБААН ХАР чинь одоо ороод ирвэл өнгөрөх нь тэр, юун ууж идэж амрах ч гайгүй хэмээн тэр дороо майхнаа буулган хөдлөж, зам буруулан хоногийн газраар хоцрон аймгийн төвд ирж байсан гэдэг…
ЗУРГИЙН ТАЙЛБАР: “Xумбан хар” Т.Балсан арслан 1950 оны улсын наадмаар алдар цолоо дуудуулж байна.
А.Ганпүрэв
















Leave a Reply