
Дорнод аймгийн хэмжээнд Өнөөдөр /2026.04.04/ 20:00 цагийн байдлаар: 3 удаа хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ гэж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай III багийн “Шувуут” гэдэг газар 11:15 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Халхгол сумын ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
-Булган суманд түймэр гарлаа-
Булган сумын Баян-Уул III багийн “Захч” гэдэг газар өнөөдөр (2026.04.04) 14:05 цагт гарсан хээрийн гал түймрийг 16:45 цагт цурамд оруулж, 17:20 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 1600 га талбай өртсөн байна.
-Халхголд Lexus570 шатсаны улмаас түймэр гарлаа-
Халхгол сумын Ташгай 3 дугаар баг “Зүүн модот овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/”Лексус 570″ загварын автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 16:31 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги болон Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Иргэд та бүхэн
Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах,
Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх,
Малын өтөг бууцыг ой, хээрийн бүсэд хаяхгүй, зориулалтын хогийн цэгт хаях
Ан агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Монгол Улсад гарч буй ой, хээрийн түймрийн 90 хувь нь хүний буруутай үйлдлээс шалтгаалдаг.
Та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй.
















Leave a Reply