Аймгийн засаг дарга шатахууны хомсдлын асуудлаар ШТС-ын удирдлагуудтай уулзлаа

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх, иргэдийн зайлшгүй хэрэгцээг хангах, олголтыг зохицуулахтай холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэн, хэрэгжүүлэхээр боллоо.

1.Яаралтай болон зайлшгүй шаардлагатай хэрэгцээнд шатахуун олгох: Эмнэлгийн яаралтай болон зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээ авах, Улаанбаатар хотод эмчлүүлэхээр зорчих, мөн буяны ажилд оролцох зайлшгүй шаардлагатай иргэдэд холбогдох нотлох баримт, лавлагаа, бусад шаардлагатай материалыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газраас шатахуун олгох зөвшөөрлийн бичиг олгоно.Зөвшөөрлийн бичиг авсан иргэдэд тухайн зөвшөөрлийг үндэслэн шатахуун түгээх станцаас дараалал харгалзахгүйгээр шатахуун олгох зохицуулалт хийнэ.

2.Шатахуун олголтын талаарх өдөр тутмын мэдээлэл: Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёстой цахим хуудсаар дамжуулан шатахуун түгээх станц тус бүрийн шатахуун олголтын нөхцөл, тухайн өдөр хэдэн тээврийн хэрэгсэлд, ямар зохицуулалтын дагуу шатахуун олгох талаарх мэдээллийг өдөр бүр нэгтгэн иргэд, олон нийтэд мэдээлнэ.

3.Зориулалтын саванд шатахуун авах тухай: Иргэд, малчид зориулалтын саванд шатахуун авах тохиолдолд тухайн шатахуун түгээх станцтай урьдчилан ярилцаж, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын сав, тогтоосон хэмжээг баримтлан, тухайн шатахуун түгээх станцын олголтын зохицуулалтын дагуу шатахуун авна.

4.ОХУ-аас орж ирсэн шатахууны тухай: 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ОХУ-аас дараах хэмжээний Аи-92 шатахуун орон нутагт орж ирээд байна.
Үүнд:
Тэс Петролиум ХХК – 7 вагон;
Шунхлай Говь ХХК – 4 вагон;
Сод Монгол ХХК – 2 вагон. Нийт орж ирсэн шатахууныг Улаанбаатар хот руу татан төвлөрүүлэхгүйгээр орон нутгийн шатахууны хангамжид үлдээж, аймгийн хэмжээнд нийлүүлэх талаар шатахуун түгээх станцын удирдлага, төлөөлөлтэй холбогдох зохицуулалтыг хийж байна.

5.Сумдын шатахууны хангамж: Аймгийн хэмжээнд сумдын шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах шатахуун түгээх станцууд ажиллаж байна.
Үүнд:
Петровис ХХК – 11 суманд;
Сод Монгол ХХК – Халхгол, Матад суманд;
Шунхлай Говь ХХК – Хөлөнбуйр суманд;
Стандарт Ойл ХХК – Баяндун, Дашбалбар, Халхгол суманд тус тус шатахуун түгээж байна.

Сэтгэгдэл бичих

Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ