Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

Дорнод аймгийн Халхгол суманд 2025 оны есдүгээр сард гарсан ой хээрийн түймрийн эзэн холбогчдод хуулийн арга хэмжээ авчээ. Тодруулбал, Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүссэн аж.

Улмаар хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76,182,851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57,820,000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн нэг хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7,6 сая төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ