1990 онд Монгол Улсын дэд ерөнхийлөгчид С.Зориг нэр дэвших үед АИХ-ын депутатуудын тавьсан асуулт, хариулт

МУ-ын Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн IX тойргийн депутат Санжаасүрэнгийн Зоригийн асуудлыг хэлэлцэв.
/Бичгээр ирсэн асуулт/
-Улс орны аюулгүй байдлыг зөвхөн армийн хүчээр хангана гэж та үздэг үү? Зэвсэгт хүчний талаар хийх шинэчлэлийг арми, хилийн цэрэг хоёрыг нэгтгэх замаар хийх үү?
Депутат С.Зориг ийн хариулжээ.
-Миний бодлоор, хилийн цэрэг маань нэлээд хүчтэй байж зөвхөн урд хилээ төдийгүй хойд хилээ ч хамгаалах ёстой. Учир нь аюулгүй байдлыг төдийгүй, өөрийнхөө орны баялгийг хамгаалах учиртай. Ингэхлээр армитай хилийн цэргийг нэгтгэх нь буруу юм.
Д.Баяр /311 дүгээр тойргийн депутат/
-Ингэхэд та морь унаж үзсэн үү?
С.Зориг:
-Хөдөө ахындаа очиж хоёр сар гаруй хонь хариулж байсан. Бас сая даншиг наадамд явахдаа гурав хоног морь унасан. Тийм учраас би хөдөөний амьдралыг мэднэ.
-Та гадаадын сурвалж­лагчид МоАН, МоАХ-ны үзэл баримтлалыг өөрчлөнө гэж хэлсэн. Энэ тухай тодруулж ярина уу? /бичгээр ирсэн/
С.Зориг:
-Манай Ардчилсан холбоо, Ардчилсан нам өөртөө их шүүмжлэлтэй ханддаг байгууллагууд учраас хоёрдугаар сарын 18-нд баталсан мөрийн хөтөлбөрөө хянаж үзсэн. Төлөвлөгөөт балансжилт дээр үндэслэн эдийн засгийн төсөөлөл, марксизм, ленинизмийн сонгодог хөгжлийн онолод хамаарах үзэл, баримтлалууд нэлээд байсан тул бид энэ мөрийн хөтөлбөрөө өөрчлөх асуудлыг тавьсан юм. Үйл ажиллагаага явуулахдаа уг мөрийн хөтөлбөрөө зуун хувь дагаагүй.
-Бэлчээр, малыг эздэд нь өгнө гэж та ярилаа. Эздийг нь яаж олох вэ? /бичгээр/
С.Зориг:
-Үүнийг заавал малаар биш бат тодорхой хэмжээний мөнгөөр тооцож өгөх бололцоо бий. Би олон малчидтай уулзсан. Малаа хувьдаа авах их л дуртай байна билээ.
Н.Дашдондог /246 дугаар тойргийн депутат/
-Одоогийн нөхцөл байдалд мал аж ахуйн хөдөлмөр зохион байг­уулалт, гэрээ, түрээсийн явц манай хөдөө нутагт ямар янзтай явагдаж байна вэ? Малчдын амьдралыг яаж зохион байгуулах болж байна.
С.Зориг:
-Гэрээ, түрээсийн ажил хөдөө муу явагдаж байна. Сая би нэг малчны гэрээтэй танилцсан. Малчнаа мөлжихөд чиглэгдсэн гэрээ байна лээ. Ер нь цаашдаа малыг хувьд өгнө. Төржсөн эдийн засагтай улс оронд хүн амрах болон бусад талын эрхээр хязгаарлагдмал байдаг. Хүн ажлаа зохицуулаад хагас жилийн дотор жилийн ажил хийчихсэн бол хагас жил амрах ёстой. Энэ зургаан сард Номхон далайд очоод амарч болно шүү дээ. /депутатууд инээлдэв/ Та нар намайг шоолоод хөхрөлдөж байна. Үнэн хэрэгтээ хөгжилтэй оронд хүмүүс ингэж амардаг юм.
Д.Лханаажав /212 дугаар тойргийн депутат/
-Социализмын ирээдүйн талаар хэрхэн төсөөлж байна вэ? Социализм байгуулах монгол загвар ямар байх вэ?
С.Зориг:
-Дэлхийн социалист систем хэмээх зүйл одоо сүйрч байна. Сүйрч унаж байгаа юмны ирээдүйн талаар юу ярих вэ? Ер нь сайн бодоход марксизм, ленинизмийг үндэслэгчид маань онолдоо алдаа гаргасан юм. Нэлээд олон орон үүнийг ухаарч социализм гэдэг ойлголтоос салж байгаа. Тийм учраас социализмыг монгол загвар гэж ярихаасаа Монголын нийгмийг хөгжүүлэх загвар гэвэл яасан юм бэ.
-Хэрэв та Дэд ерөнхийлөгч болбол МоАХ-ны Ерөнхий зохиц­уулагчийн сонгуульт ажлаа яах вэ?
С.Зориг:
-Хуулиар хориглохгүй бол их хурал хүртлээ холбооны Ерөнхий зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх болно. Хуулиар хориглох юм бол өөр хүнд өгч л таарна.
Б.Буяндэлгэр /188 дугаар тойргийн депутат/
-Ж.Батмөнх, Д.Содном нар огцорсноос хойш манай төр, ЗГ-аас хэрэгжүүлсэн үйл ажил­лагааг дүгнэж хэлнэ үү?
С.Зориг:
-Ер нь нааштай алхмууд бий. Ялангуяа нэг орны хараат байдлаас гарах талаар явуулсан бодлого, АНУ-тай байгуулсан хэлэлцээрийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ АНУ мэт орнуудтай жинхэнэ ёсоор харилцаагаа хөгжүүлэхийн тулд өргөн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
П.Жийдээ /352 дугаар тойргийн депутат/
-Та Улсын Бага хурлын даргын ажлыг үнэхээр хийж чадах уу? Та ер нь ард түмнийхээ амьдралыг хэр сайн мэддэг вэ. Хэрвээ та Бага хурлын дарга болчихвол малчдыг 1200 төгрөгийн цалинтай болгох асуудлаа шийдэх үү?
С.Зориг:
-Таны асуулт ёс зүйн талаасаа жаахан эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. “Тийм ажлыг хийж чадах уу?” гэж асуух нь буруу шүү дээ. Бололцоо, чадвараа мэдэж байна. Хөдөө хотоор их явж үзсэн. Малчдын гэр орон, хотын гэр хорооллын амьдралтай ч танилцсан. Ер нь яваагүй газар бараг байхгүй. Саяын сонгуульд 24 хувийн саналыг манай нам, холбоо авсан.
-Та яагаад гэрлээгүй юм бэ? /бичгээр/
С.Зориг:
-Надад үнэхээр зав алга. Утасддаг хүүхнүүд бий. Тэдэнтэй завтай болсон үедээ л ярина даа.
-Дэд ерөнхийлөгчөөр МСДН-ын Р.Гончигдорж сонгогдвол та түүнд хэрхэн хандах вэ?
С.Зориг:
-Р.Гончигдорж ямар үйл ажиллагаа явуулахаас л шалтгаална.
Ц.Жамсран /379 дүгээр тойргийн депутат/
-Үндсэн Хуульд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний насыг 40-өөс дээш гэж тогтоосон байдаг. Үүнийг Дэд ерөнхийлөгчид ч хамааруулахад өөрийгөө насны хувьд тохирч байна гэж үзсэн үү?
С.Зориг:
-Ер нь дөчөөр хязгаарладгийн учрыг ойлгодоггүй. Монгол хүн дөч хүрэнгүүт л гэнэт ухаан ордог юм болов уу даа.
-Монгол малыг эрлийзжүүлэх шаардлага гарах уу. Сүргийн бүтцийг яаж сайжруулах вэ?
С.Зориг:
-Зоотехникч биш болохоор юу хэлэх вэ дээ. Бас л нөгөө хөдөө аж ахуйн асуудал. Ер нь нэгмөсөн ХАА-н сургуульд сураад зоотехникч болдог юм уу даа. Тэгвэл сайн хариулт өгөх байх.

Сэтгэгдэл бичих

Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ